Монгол Улсын Төрийн Өмчит Уул Уурхайн Компаниудын Өрийн Бодлого
Гол мэдээлэл
- Монгол Улс ашигт малтмалын стратегийн ордуудаа төрийн өмчит компани (ТӨК)-уудаа түшиглэн ашигладаг. “Багануур”, “Шивээ-Овоо”, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” болон “Эрдэнэс Тавантолгой” зэрэг компани нь тус улсын томоохон хэмжээний ордуудыг ашигладаг голлох төрийн өмчит компаниуд юм.
- 2019-2021 онд уул уурхайн ТӨК-иудын өрийн хэмжээ 4.3 дахин өсжээ. Эдгээр компанийн нийт өр төлбөрийн хэмжээ 2.3 тэрбум ам.долларт хүрч, ДНБ-ий 15%-ийг эзэлж байна. Шинэ өрийг үндсэндээ нийгмийн чанартай зардал болон эдийн засгийн хувьд эргэлзээтэй төмөр замын төсөлд зарцуулах зорилгоор үүсгэсэн. Ихэнх уул уурхайн ТӨК-иудын ашигт ажиллагаа суларч, дийлэнх нь төлбөр түргэн гүйцэтгэх чадваргүй болсон энэ үед Засгийн газар эдгээр өрийг хэрхэн төлөх нь тодорхойгүй байна.
- Уул уурхайн ТӨК-иудын санхүүгийн байдал тааруу байгаа нь төсвөөс гадуурх үйл ажиллагааг санхүүжүүлсэн, төслийн сонголт, менежментийг муу гүйцэтгэсэн, мөн шинэ өр гаргахтай холбоотой хууль тогтоомж, хяналтын механизм хангалтгүй зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.
- Уул уурхайн ТӨК-иудын өрийн талаарх бүрэн мэдээллийг цуглуулж, ил тод болгох, одоогийн эрх зүйн шаардлагуудын хэрэгжилтийг сайжруулахын зэрэгцээ шинээр өр үүсгэх тухайд эрх зүйн шинэчлэл хийж, Сангийн яамнаас ТӨК-иудад тавих хяналтыг илүү чангатгах шаардлагатай байна.
2021 оны эцсийн байдлаар Монгол Улсын уул уурхайн томоохон 10 ТӨК-ийн нийт өр төлбөр 6.45 их наяд төгрөг (ойролцоогоор 2.3 тэрбум ам.доллар) байсны 26 хувь нь “өр”-ийн ангилалд багтаж байна. Эдгээр компанийн өр төлбөр Монгол Улсын ДНБ-ий 15%-ийг дангаараа эзэлж байгаа бол албан ёсоор зарлагдсан “өр”-ийн хэмжээ ДНБ-ий 4%-ийг эзэлж байна. Дэлхийн бусад улс оронтой харьцуулж үзвэл, бүхий л салбарыг хамарсан ТӨК-иудын өр дунджаар ДНБ-ий 7 орчим хувьтай тэнцүү байдаг. Хэдийгээр ТӨК-ийн өр нь эдийн засгийн хөгжилд үр нөлөөтэй төслүүдийг хэрэгжүүлэхэд санхүүгийн ашигтай эх үүсвэр байж болох ч Монгол Улсын уул уурхайн ТӨК-иудын тавьж буй өр нь эдийн засгийн тогтвортой байдал болон төсвийн тогтвортой байдалд ихээхэн эрсдэл дагуулахаар байна.
Уул уурхайн ТӨК-иудын өрийн хэмжээ 2019 онтой харьцуулахад 4.3 дахин өссөн бол нийт өр төлбөрийн хэмжээ 4.8 дахин их байна. Ийнхүү өссөний хамгийн том шалтгаан нь Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам болон бусад бүтээн байгуулалтын төслийг санхүүжүүлэх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК, тэтгэвэр барьцаалсан зээл болон бусад нөхөн олговор, хөнгөлөлтүүдийг ахмадуудад олгох зорилгоор “Эрдэнэс Монгол” ХХК тус тус бонд гаргасан явдал байв. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газар уул уурхайн ТӨК-иудын ирээдүйд олох ашгийг барьцаалан ТӨК-иудын үйл ажиллагааг сайжруулахад хувь нэмэр болохооргүй байж мэдэх төслүүдэд хөрөнгө гаргуулсан гэсэн үг юм.
Түүнчлэн Монголын төрийн өмчит уул уурхайн компаниудын ашигт ажиллагаа олон улсын жишгээс хамаагүй доогуур төдийгүй нүүрс болон зэсийн үнийн хэлбэлзлээс ихээхэн хамааралтай байдаг. Бидний судалгаанд хамрагдсан төрийн өмчит таван уурхайн гурав нь маш бага ашигтай эсхүл ашиггүй ажиллаж байна. Техник эдийн засгийн үндэслэл нь тодорхойгүй, урт хугацааны төрийн өмчит төслүүдийг зээлээр санхүүжүүлэх нь хэрэгтэй мөнгийг муу зүйлд үрэх эрсдэлтэй юм. Ийм өндөр зардалтайн зэрэгцээ дэлхий нийтээр эрчим хүчний шилжилт хийгдэж байгаа энэ үед уул уурхайн ТӨК-иуд өрөө барагдуулж чадах эсэх нь тодорхойгүй байна. Ирээдүйд Засгийн газар төрийн өмчит уул уурхайн компаниудын алдагдлыг татвар төлөгчдийн мөнгөөр барагдуулж, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн шинэчлэл зэрэг нийтэд тустай хөтөлбөрүүдэд зарцуулах төсвийн хөрөнгийг татан авах магадлалтай юм.