Image placeholder

Баялгийн Засаглалын Индексээр Монгол Улсын Уул Уурхайн Салбарын ил тод Байдал Сайжирсан ч Хариуцан Тайлагнах Асуудалд Ахиц Гаргаагүй Байна

  • Press release

  • 28 June 2017

  • Монгол Улс 2017 оны дэлхийн хэмжээний Баялгийн Засаглалын Индекс (БЗИ)-т 100-аас "хангалттай" буюу 64 оноо авлаа.
  • Уул уурхайн татвар ногдуулалт, баялгийн орлогын орон нутгийн хуваарилалттай холбоотой засаглалын асуудлаар Монгол Улс Евразид сайн оноотой байна.
  • "Эрдэнэс Монгол" санхүүгийн мэдээллээ зохих хэмжээнд нийтлээгүй нь шүүмжлэл дагуулж байна.
  • Монгол Улсын Төсвийн тогтворжуулалтын сан судалгаанд хамрагдсан 34 үндэсний баялгийн сангаас 18-д жагсав.

УЛААНБААТАР ХОТ, 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр—Улс орнуудын байгалийн баялгийн засаглалыг үнэлдэг дэлхийн хэмжээний индексд Монгол Улс авч болох 100-аас “хангалттай” буюу 64 оноо авснаар хамрагдсан 89 орноос 15 дугаар байрт, Евразийн бүс нутгийн есөн орноос тэргүүн байрт жагсав.

Гэхдээ төрийн өмчид хамгийн том компани "Эрдэнэс Монгол"-ын санхүүгийн тайлагнал хангалтгүй болон Монгол Улсын үндэсний баялгийн сантай холбоотой засаглалын сорилтууд байгаа нь 2017 оны Баялгийн Засаглалын Индекст анхаарал татаж байна.

Олборлох салбарын орлогоос хараат байдал нь зэсийн үнийн уналтын төсвийн орлогод үзүүлэх нөлөөг даамжруулсан. ББЗХ-ийн Монгол Улс дахь менежер Намхайжанцангийн Дорждарь индексийн үр дүнгийн тайлбарлахдаа: "Индексийн ерөнхий оноо хангалттай гэсэн дүнтэй байгаа хэдий ч Монгол Улс нь уул уурхайгаас хараат бөгөөд түүхий эдийн үнээс хэт хамааралтай байна. Үнэ доогуур байх үед засгийн газрын өрийн хүүг төлж чадахгүйд хүрч байна. Энэ асуудлыг шийдэх бодлогыг хэрэгжүүлэхгүй бол зах зээл тогтворгүй хэвээр байх учраас Олон Улсын Валютын Сангийн тусламж ч бидэнд тус болохгүй. Уул уурхайн салбарын өсөлт, уналтын мөчлөгийг сөрөх Засгийн газрын арга хэрэгсэл болох төсвийн дүрэм, төсвийн тогтворжуулалтын санг бодитой сайн хэрэгжүүлэх хэрэгтэй бөгөөд Засгийн газарт хүндрэл учрах бүрд өөрчилж халдахгүй байх нь чухал" гэв.

Монгол Улсын өрийн хямрал тус индексд мөн тусгалаа олсон бөгөөд орлогын менежментийн хувьд авсан оноо сул байгаа нь үүнийг илтгэнэ. Үндсэн шалтгаан нь төр засгийн зүгээс төсвийн дүрмүүдийг буюу тусгай шаардлагуудыг тэр бүр сахиагүй явдал юм. Энэ хэсгийн сул үзүүлэлт нь баялгийн засаглалын бусад асуудлаар хангалттай сайн оноо авсантай харьцуулахад ихээхэн ялгарч байна.

Хуваарилалтын дүрэм журмын ил тод байдлыг хангаж, иж бүрэн тайлагнадаг байдлаараа Монгол Улс засаг захиргааны түвшин хоорондын баялгийн орлогын хуваарилалтын үзүүлэлтээр Бразил улсын дараа орж, индексийн хоёрдахь сайн дүнг авчээ.

Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журмыг үнэлсэн үзүүлэлтүүдийн хувьд авсан оноо нь тэдгээрийн биелэлт, хэрэгжүүлэлтийг үнэлсэн үзүүлэлтээс даруй 20 оноогоор илүү байна. Хууль ба бодит байдлын зөрүү нь үндэсний баялгийн сангийн засаглалын хувьд хамгийн их байснаас гадна орон нутгийн нийгмийн болон байгаль орчны үр нөлөөний хувьд ч их дүнтэй байна.

Анхаарууштай өөр нэг зүйл нь төрийн өмчийн компани (ТӨК)-ийн менежментийн асуудал юм. ТӨК-ийн засаглалын хувьд Монгол Улс 100-гаас 40 оноо авснаар индексийн үнэлгээнд орсон Евразийн есөн улсаас долоод жагсаж, сүүл мушгиж байна. Монгол Улсын төрийн өмчит хамгийн том компани "Эрдэнэс Монгол" нь санхүүгийн тайлан, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалттай холбоотой голлох мэдээллийг нийтэлдэггүй зэрэг ил тод байдлыг хангах үндсэн асуудлуудаар дутагдалтай байна гэж судлаачид дүгнэсэн.

Монгол Улсын үндэсний баялгийн сан буюу Төсвийн тогтворжуулалтын сан “хангалтгүй” буюу 100-гаас 42 оноо авснаар уг төслийн хүрээнд үнэлгээ өгсөн 34 сангаас 18-д жагсав. Ил тод байдлыг хангах зэрэг хэд хэдэн асуудлаар хангалтгүй байгаа нь үүнд нөлөөлсөн. Түүнчлэн парламентын хяналт сул байгаа нь сангийн засаглалд сөрөг нөлөөтэйг тус тайланд дурьджээ.

Баялгийн засаглалын индексийн бүх улс орны дүнг бүрэн эхээр нь www.resourcegovernanceindex.org вэб хаягаар авч үзэх боломжтой.

Редакторуудад зориулсан тэмдэглэл:

Баялгийн засаглалын индекс нь 150 судлаачид 149 нэн чухал асуултад хариулж, 10,000 орчим холбогдох баримт бичгийг судлах замаар боловсруулсан нийт 81 улсын 89 салбарт хамрах үнэлгээний нийлбэр юм (найман улсад ББЗХ нь газрын тос ба байгалийн хий болон уул уурхайн салбарыг аль алиныг нь үнэлсэн).

Үнэлгээ тус бүрд ББЗХ нь индексийн гурван бүрдэл хэсгийн оноонд тулгуурлаж ерөнхий оноог гаргасан. Үүнээс хоёр бүрдэл хэсэг нь асуулгад шинжээчийн өгсөн хариултад үндэслэсэн шинэ судалгаанын дүнгээс бүрдэх бөгөөд энэ нь улс орнуудын олборлох салбарын засаглалыг шууд үнэлж байгаа явдал юм.

Эхний бүрдэл хэсэг буюу "үнэ цэнийг хүртэх" нь олборлолтын эрх хуваарилах, хайгуул, үйлдвэрлэл, байгаль хамгаалал, орлого цуглуулах болон төрийн өмчит компанийн засаглалын асуудлыг хамарсан. Хоёрдугаар бүрдэл хэсэг болох "орлогын менежмент" нь улсын төсвийн төлөвлөлт, баялгийн орлогын хуваарилалт, үндэсний баялгийн санг хамардаг. Индексийн гуравдугаар бүрдэл хэсэг нь холбогдох улс дахь ерөнхий буюу дэмжигч орчныг үнэлдэг. Энэхүү бүрдэл хэсэгт засаглалын орчныг өргөн хүрээнд авч үзэх үүднээс урьд өмнө нь гарсан судалгаануудыг ашигласан.

Мэдээлэлтэй холбоотой асуудлаар дараах хаягаар холбогдоно уу:

Мөнхжаргалын Билгүүн
Y&R Mongolia
[email protected]
T: +976 7011 1357
M: +976 8811 6625

Ли Бэйли
Харилцааны захирал
Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (Лондон)
[email protected]
T +44 (0)20 7332 6114
T +44 (0)20 7332 6114

Countries
Mongolia
Regions
Asia-Pacific