Image placeholder

Төсвийн тогтвортой байдлын зөвлөл Монгол Улсын төсвийн сахилга батыг сайжруулж чадах уу?

English »

Монгол Улс бол уул уурхайн салбараас хамгийн их хамааралтай орнуудын нэг. Сангийн яамны болон бусад статистикийн мэдээнээс харахад 2016 онд уул уурхайн салбар тус улсын ДНБ-ий 21 хувь, экспортын 85 хувь, төсвийн орлогын 30 гаруй хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг бүрдүүлжээ. Уул уурхайн салбар Монгол Улсад эдийн засгийн өсөлт, ажлын байр, төсвийн орлого бий болгохын зэрэгцээ бэрхшээл сорилтууд ч авчирчээ. Баялгийн орлого тогтворгүй, савлагаатай байгаа нь өсөлт уналтын мөчлөгийг бий болгож байна. Популист улс төрийн бодлого нь улс төрчдөд хязгаарлагдмал нөөц баялгийн орлогыг урт хугацааны төсөлд хөрөнгө оруулах, баялгийн санд хуримтлуулахаас илүүтэйгээр шууд хэрэглээнд зарцуулах сонирхол төрүүлж байна. Энэхүү орлогын тогтворгүй байдал, баялгийн шавхагдах нөөцийн асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар хэмжээний орлогыг ирээдүйд хөрөнгө оруулах, хөгжлийн төсөл хөтөлбөрт хэр ихийг зарцуулах, бусад механизмаар дамжуулан хэр их хөрөнгө хуваарилахыг шийдэх урт хугацааны бодлоготой байх шаардлагатай.

Монгол Улс төсөв санхүүгийн олон тооны дүрэм журам гаргах, баялгийн сан байгуулах, баялгийн орлогыг иргэдэд бэлэн мөнгө тараах хэлбэрээр хуваарилах зэргээр баялгийн орлогыг удирдах цөөнгүй бодлого боловсруулсан. Бодит байдал дээр эдгээр арга хэрэгслийн үр нөлөө муу байна. Монгол Улс орлогын удирдлагын бодлогынхоо үндэс болгож Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг 2010 онд баталсан бөгөөд үүндээ өрийн болон төсвийн алдагдал, төсвийн зарлагын дээд хязгаарыг тогтоосон олон тооны дүрэм оруулсан байдаг.

Өнгөрсөн 12 дугаар сард Монгол Улсын Их Хурлаас Төсвийн тогтвортой байдлын зөвлөл (ТТБЗ) байгуулах тогтоол гаргаж дүрмийг нь баталсан. Ийнхүү ТТБЗ байгуулсан нь хяналтыг сайжруулах чухал алхам болсон хэдий ч үйл ажиллагааны дүрмийг нь Олон улсын стандарттай харьцуулж үзвэл чиг үүрэг, ил тод байдал болон хараат бус байдлыг хамгаалах чиглэлд хэд хэдэн учир дутагдалтай тал байгаа нь харагдаж байна. Иймд ТТБЗ-ийн бүтэц, зохион байгуулалт, хэрэгжилтэд анхаарвал зохих гол асуудлуудын хүрээнд энэхүү зөвлөмжийг гаргаад байна.