Монгол Улсын гэрээний ил тод байдлын тойм судалгаа
Монгол Улсын уул уурхайн салбар нь эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж, орлого, ажлын байрыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулдаг боловч засаглал, авлига, ил тод байдалтай холбоотой томоохон сорилтуудтай тулгарч байна. Энэхүү судалгаа нь салбарын шударга, хариуцлагатай менежментийг хангахад гэрээний ил тод байдлын ач холбогдлыг онцолж байна.
Энэхүү тайланд Монгол Улс дахь гэрээний ил тод байдлын талаар Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (ББЗХ)-ийн гүйцэтгэсэн тойм судалгааны дүнг танилцуулав. Судалгааг Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын Олон улсын нарийн бичгийн дарга нарын газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны дэмжлэг, санхүүжилтээр гүйцэтгэсэн болно.
Монгол Улсын уул уурхайн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүн, экспорт, төсвийн орлого, гадаадын хөрөнгө оруулалтад томоохон хувь нэмэр оруулдаг, эдийн засагт чухал үүрэгтэй. Өндөр цалинтай ажлын байр бий болгож, орон нутгийн, ялангуяа уул уурхайн бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэхэд хөшүүрэг болж ирсэн. Нүүрс, зэс, алт болон бусад ашигт малтмал улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд ихээхэн үүрэгтэй бөгөөд 2023 онд 13.9 тэрбум ам.долларын экспортын орлогыг бүрдүүлсэн нь нийт экспортын 92 хувь, төсвийн орлогын 29.9 хувьтай тэнцэж байна. Монгол Улс газрын тосыг харьцангуй бага хэмжээгээр олборлодог ч төсвийн орлогынхоо тодорхой хувийг тус бүтээгдэхүүнээс бүрдүүлж, орон нутгийн иргэдэд өгөөж нь очиж байдаг. Уг салбар 2023 онд 4.7 сая баррель түүхий газрын тос олборлож, 364.7 сая ам.долларын экспортын орлого олсон нь төсвийн орлогын 1.3 хувьтай тэнцэж байна.
Уул уурхайн салбар энэ жишээгээр эдийн засагт чухал ач холбогдолтой ч тулгарч буй олон бэрхшээл цаашдын хөгжлийг нь тушиж байна. Уул уурхайтай холбоотой авлигын асуудлууд хор уршиг ихтэй байж, байгаль орчин, нийгэмд тулгамдаж буй сорилтууд хүндрэл учруулсаар байна. Монгол Улс нь тус салбарын үр өгөөжөөс зохих түвшинд хүртэж чадахгүй байна гэх төсөөлөл түгээмэл. Ялангуяа судалгаа, дүн шинжилгээнд гэхээс илүү популист хандлагад үндэслэн уул уурхайн салбарын бодлого үе үе өөрчлөгддөг байдал хөрөнгө оруулагчдын итгэлийг сулруулж байна. Хөрөнгө оруулагчид болон Засгийн газрын хооронд маргаан өрнөж, нэмж орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч, шинээр илрэх орд болон хөгжүүлэх төсөл цөөрсөн нь эл байдлыг илтгэж байна.
Монгол Улс тус салбарын эдийн засагт оруулах онцгой үүрэг болон салбарын сайн засаглалын ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, салбарын ил тод, хариуцлагатай менежментийг дэмжих зорилгоор 2006 онд ОҮИТБС-д3 нэгдсэн. ОҮИТБС нь салбарын ил тод байдал, сайн засаглалын дэлхий нийтийн стандартыг тогтоож, орлого, төлбөр, олборлолтын хэмжээ, түүхий эдийн борлуулалт, уул уурхайн компаниудын өмчлөл, хөрөнгө оруулагчид болон засгийн газрын хоорондын харилцааг зохицуулдаг олборлолтын гэрээ зэрэг чухал мэдээллийг ил тод болгохыг компаниуд болон засгийн газраас шаарддаг. Тухайлбал, ОҮИТБС-ын Стандарт нь олборлох гэрээг ил тод байлгах, олборлох төслөөс тус улс хүртэж буй үр нөлөөг нягтлах боломжийг иргэдэд өгөх зорилгоор 2021 оны нэгдүгээр сараас эхлэн бүх гэрээ, тусгай зөвшөөрлийг олон нийтэд зориулж нийтлэх шаардлагыг тавих болсон.
Гэрээг ил тод нийтлэх нь олборлох салбарын сайн засаглал, ил тод байдалд онцгой нөлөөтэй бөгөөд салбарын бүх оролцогч талд ашиг тустай. Тухайлбал, төр засгийн хувьд зохицуулалтын тогтолцоогоо бэхжүүлж, салбарт оновчтой хяналтыг хэрэгжүүлэхэд тустай бол компаниудад нэр хүндтэй холбоотой үүсэх эрсдэлээ бууруулж, бусад оролцогч талуудын итгэлцлийг нэмэгдүүлэхэд дэм болдог. Харин иргэдийн хувьд засгийн газар, компаниудаас хариуцлага нэхэх, тухайн улсад орох эдийн засгийн үр өгөөж болон бусад үр нөлөөг хянах боломжийг олгодог.
Монгол Улс дахь гэрээний ил тод байдал нь ОҮИТБС-ын хүрээнд болон бусад сувгаар хэрэгжүүлж буй ажлын дүнд ихээхэн хувьсаж байна. ОҮИТБС-ын баталгаажуулалтын хамгийн сүүлчийн тайланд6 тусгайлсан мэдээллийн портал дээр нэлээд тооны гэрээг нийтэлснээр ОҮИТБС-ын холбогдох шаардлагыг ерөнхийдөө хангаж байгаа ч гэрээний ил тод байдлыг бүрэн хангахад засгийн газрын бодлого, түүний хэрэгжилтийг сайжруулах шаардлага байсаар байгааг тэмдэглэжээ.
Уул уурхайн салбарт ашигладаг зарим гэрээг ил тод нийтлэх шаардлагыг тусгах замаар Монгол Улсын холбогдох хууль тогтоомж ч хувьсан өөрчлөгдөж байна. Нээлттэй засгийн түншлэл7 зэрэг бусад санал санаачилгууд олборлох салбарын гэрээний ил тод байдлыг мөн чухалчилж ирсэн. Зарим компаниуд, үүнд ялангуяа хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд сайн дурын үндсэн дээр, хуульд заасан шаардлагын дагуу, эсхүл авлигын эрсдэлийг бууруулах, олон нийтийн төсөөлөл, ойлголттой холбоотойгоор төрийн байгууллагатай байгуулсан гэрээгээ ил тод нийтэлсэн байдаг.
Засгийн газар болон компаниуд олон гэрээг ил нийтэлсэн ч холбогдох бүх гэрээг хамарсан эсэх нь тодорхой бус, гэрээг ил тод болгох зохицуулалт, тогтолцоо хангалтгүй хэвээр байгаа тухай энэ судалгааны дараагийн хэсэгт өгүүлсэн болно.
Authors
Dorjdari Namkhaijantsan
Mongolia Manager
Zoljargal Naranbaatar
Mongolia Officer