Монгол Улсын олборлох салбарын төрийн өмчит компаниудын ил тайлагналын тойм судалгаа
Монгол Улсын төрийн өмчит уул уурхайн компаниуд нь эдийн засагт чухал үүрэгтэй боловч ил тод байдал, засаглалын асуудлуудтай тулгардаг. Энэхүү судалгаа нь салбар дахь ил тод байдлыг сайжруулах, хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагыг судалсан байна.
Монгол Улсын олборлох салбар нь улсын төсвийн орлогын 31.6 хувь, экспортын орлогын 92 хувь, ДНБ-ий 28. хувийг2 бүрдүүлдэг эдийн засгийн хувьд чухал үүрэгтэй. Тус салбарт олон тооны компани үйл ажиллагаа явуулдаг бөгөөд төрийн өмчит компани (ТӨК)-иуд ашигт малтмалын хайгуул, олборлолт, менежментэд голлох үүрэг гүйцэтгэдэг. Холдинг компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс Монгол” ХХК нь хамгийн том ТӨК юм. Энэ компани Оюутолгойн зэсийн (34 хувь), Тавантолгойн нүүрсний (65 хувь), Шивээ-Овоогийн нүүрсний (90 хувь), Багануурын нүүрсний (75 хувь) уурхайд тус тус хувь эзэмшдэг бөгөөд тус компанийн харьяанд Эрдэнэтийн зэсийн үйлдвэр болон Монголросцветметийн төслүүдийг нэгтгэсэн байна. Эдгээр төслийг "стратегийн" гэж тодорхойлж, уг төсөлд төр хувь эзэмших асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулдаг. “Эрдэнэс Монгол” компани нь мөн алт, мөнгө, ураны хайгуул, олборлолтын компаниудад хувь эзэмшдэг.
Хэдийгээр Монгол Улсын эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэж байгаа ч уул уурхайн салбарын ТӨК-иудын засаглал, ил тод байдалд олон бэрхшээл тулгарч байна. Тухайлбал, “Эрдэнэс Монгол” компанийн санхүүгийн гүйлгээ ба олборлолтын асуудал ил тод бус байгаа нь Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (ББЗХ)-ийн Баялгийн засаглалын индексэд “хангалтгүй” оноо авснаас тодорхой харагдаж байна. Олборлох салбарын ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын Баталгаажуулалтын тайланд олборлох салбарын ТӨК-иуд нь санхүүгийн харилцаа, зарцуулалтын практик, засаглал зэрэг асуудлын хүрээнд ил тайлагналыг сайжруулах шаардлагатай гэж дүгнэсэн. Түүнчлэн уул уурхайн ТӨК-иуд олон жилийн туршид авлига, хээл хахуулийн асуудалд өртөж байна. Тухайлбал, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал авлига авснаа хүлээж, ажлаасаа чөлөөлөгдсөн, “Эрдэнэс Монгол” компанийн охин компани, нүүрсний гол экспортлогч болох “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр саяхан шийтгүүлсэн зэрэг жишээг дурдаж болно. “Нүүрсний хулгай” гэж нэрлэгдэх болсон дуулианы хүрээнд Улсын Их Хурал нь нүүрсний ТӨК-ийн борлуулалт, тээвэрлэлт, татварын төлбөрт гарсан зөрчил, төсвийн хөрөнгийг зориулалтаас гадуур зарцуулсан зэрэг ноцтой зөрчлийг илчилсэн нээлттэй сонсголыг 2023 оны 12 дугаар сард зохион байгуулсан. Олон тооны хоосон ачааны машин хилээр нэвтэрсэн гэж нээлттэй сонсголд оролцсон гэрчүүд мэдүүлсэн нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэл гэх хардлагыг төрүүлж байв. Ийм нөхцөлд ТӨК-ийн ил тод байдлыг сайжруулах, олон нийтийн хяналт тавихын ач холбогдол өндөр байх нь эргэлзээгүй юм.
ОҮИТБС нь олборлох салбарын сайн засаглалыг дэмжих түүчээлэгч санаачилга болохын хувьд ТӨК-ийн ил тод байдал нь эрдэс баялгийн ил тод байдал, сайн засаглалын үндэс суурь гэдгийг хүлээн зөвшөөрч ирсэн. Тухайлбал, ОҮИТБС-ын 2010 оны дүрэмд зааснаар ОҮИТБС-ын тайланд ТӨК-ийг оролцуулан бүх компанийг хамруулж, компаниудад хамаарах стандарт шаардлагуудыг хангахын сацуу ТӨК-иудын үйлдвэрлэлийн мэдээллийг тайлагнахыг тусгайлан заасан байдаг. Уг дүрэм нь олон улсын стандарт болтлоо хөгжсөн бөгөөд 2023 онд шинэчлэгдсэн стандарт нь ТӨК-ийн ил тод байдал, төрийн оролцооны талаар илүү өргөн хүрээний, нарийвчилсан шаардлага, хүлээлтийг тусгасан байна. Тодруулбал, уг стандартад төрийн оролцоотой холбоотой ил тайлагналын зорилгыг ТӨК-ийн үйл ажиллагааны хамрах хүрээг тодорхойлох бөгөөд бүх компанийн мэдээллийг агуулах ОҮИТБС-ын үндэсний тайланд “шаардлага, дэмжлэг, хүлээлт” байдлаар тайлагнах мэдээллийн жагсаалтыг боловсруулахад оршино гэж тусгажээ. Стандартын хамгийн сүүлийн хувилбарыг 2023 онд баталсан тул улс орнууд, түүн дотор Монгол Улс ОҮИТБС-ын үндэсний тайлан, ялангуяа ТӨК-ийн ил тайлагнал нь шинэ стандартын шаардлагуудад бүрэн нийцэж байгаа эсэхийг нягтлахын тулд дотоодын баримт бичиг, төлөвлөгөөгөө нягтлан үзэх шаардлага үүсэж байна.
Монгол Улсад шинэтгэл хийж, ил тод байдлыг сайжруулах ажлын нэг нь ОҮИТБС болсны зэрэгцээ Засгийн газрын хэрэгжүүлж буй бусад санаачилга, арга хэмжээ нь ТӨК-ийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, мэдээллийг олон нийтэд зориулж нийтлэх ажлыг урагшлуулж байна. Тухайлбал, Монгол Улс Нээлттэй засгийн түншлэлийн гишүүнээр элсэж, энэ түншлэлийн хүрээнд Засгийн газар ТӨК-ийн ил тод байдлыг сайжруулах үүрэг амлалтыг авсан. Мөн энэ чиглэлд ахиц гаргасан хоёр хууль хэрэгжиж байна. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль нь Засгийн газар болон ТӨК-иас олон нийтэд хүргэх шаардлагатай мэдээллийн жагсаалтыг нарийвчлан тусгасан бол Шилэн дансны тухай хууль нь төсвийн байгууллага, ТӨК-ийн талаар олон нийтэд мэдээлэх нэгдсэн тогтолцоог бүрдүүлж өгсөн. Тухайлбал, санхүүгийн өндөр нарийвчлалтай гүйлгээний өгөгдлийг шилэн дансанд байршуулснаар ТӨК-ийн санхүүгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх цоо шинэ боломж оролцогч бүх талуудын өмнө нээгдсэн. Төрийн байгууллагуудын сайн засаглал, ил тод байдлыг хангахад хувь нэмрээ оруулж буй бас нэгэн чухал байгууллага бол Авлигатай тэмцэх газар (АТГ) юм. АТГ нь ТӨК-д нөлөөлж болох улс төрийн хөндлөнгийн оролцоог хязгаарлах, худалдан авах ажиллагааг оновчтой болгох, ил тод байдал болон мэдээллийг нийтлэх ажлыг сайжруулах, ногдол ашгийн бодлого зэрэг зорилго, бодлогын ойлгомжтой байдлыг нэмэгдүүлэх зорилготой Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Гэсэн хэдий ч эдгээр санаачилгуудын ихэнх нь олборлох салбарын засаглалын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хангалттай бус бөгөөд хоорондын уялдаа холбоо сул байна. Улмаар ОҮИТБС нь олон улсын стандарт болсон, хэрэгжүүлж буй арга зам тогтсон бөгөөд салбарын оролцогч талуудыг татан оролцуулдаг зэрэг давуу талаараа салбарын хувьд чухал байр суурийг эзэлсэн хэвээр байна. Энэхүү тайлан нь салбарын засаглалын нэг гол сэдэв болох ТӨК-ийн мэдээллийг ил тод нийтлэх, тайлагнахад төвлөрөх замаар Монголын ОҮИТБС-ыг шинэ шатад гаргах ажилд дэмжлэг өгч, ОҮИТБС-ын оролцогч талуудыг мэдээллээр хангахад чиглэсэн болно.
Authors
Dorjdari Namkhaijantsan
Mongolia Manager