Image placeholder

Монголд суутгах уу? Оюу Толгойг тойрон шинээр өрнөж буй татварын мэтгэлцээний талаарх бодлууд

English »

Энэ нийтлэлийг Александра Редхэд ба Дэвид Михайли (Эдийн засгийн шинжээч, ББЗХ) нар бичив.

Уул уурхайтай улс орны төр засгийн хувьд эмзэг нэг асуудал бол хөрөнгө оруулагчид төлөх татвараасаа давхар татварын гэрээ (ДТГ)-г ашиглан зайлсхийх явдал юм. ДТГ нь орлогын тодорхой төрлүүдэд аль улс татвар ногдуулан хураах эрхтэй болохыг тодорхойлон хоёр эсхүл түүнээс олон улс орнуудын хооронд байгуулагддаг хэлэлцээр юм. Үүнд хамаарах орлогын нэг эх үүсвэр бол гадаадын зээлийн хүүгийн зардал юм. Уул уурхайн компанийн тухайн улс дахь салбар нь гол төлөв бага татвартай өөр улсад байх холбоотой компанидаа төлөх хүүгээс хэр хэмжээний татвар ногдуулж болохыг ДТГ-гээр тогтоож өгдөг. Ихэнх тохиолдолд хүүгийн зардалд ногдуулах татвар (“суутган татвар”) нь ДТГ-нд дотоодын хуульд зааснаас бага дүнтэй байдаг тул хөрөнгө оруулагчид ДТГ-г ашиглан төлөх татварынхаа нийт дүнг бууруулах хэрэгсэл болгох эрсдэлийг нэмэгдүүлж байдаг.

Энэ оны хоёрдугаар сард Үндэстэн дамнасан корпорациудыг судлах төв (СОМО)-ийн гаргасан тайланд Оюу Толгойн зэсийн уурхайтай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар (МУЗГ)-т төлөх суутган татварыг Рио Тинтог “хууль бусаар бууруулсан” гэж буруутгасан. Ингэхдээ Рио нь Монгол Улс болон Нидерландын хооронд байгуулсан ДТГ-г ашигласнаас гадна уурхайтай холбоотой гэрээг 2011 онд шинэчлэхдээ суутган татварын бүр ч бага хувийг тохирсон гэж буруутгасан. Бидний энэ нийтлэлд Риогийн татварын зохицуулалтуудыг нягталж, тухайн хөнгөлөлт нь засгийн газрын орлогод бодитой нөлөө үзүүлсэн хэдий ч хувь нийлүүлэгчийн зээлийн хүүнд төлөх суутган татвараас Рио зайлсхийсэн гэж мэдэгдэх нь хэтрүүлэг болох бөгөөд татварын хэлцлийг урвуулан ашигласан гэх хардалтыг дэмжих хэмжээнд хүүг татвар ногдох орлогоос хэтрүүлэн хассан талаар тодорхой нотолгоо байхгүй байгааг өгүүлэх болно.

Монгол Улсын өмнийн говийн бүсэд байрлах Оюу Толгой нь зэс, алтны дэлхийн томоохон ордын нэг юм. Оюу Толгойн уурхай (ОТ)-г Монгол Улсын Засгийн газар (34%) болон Туркуойз Хилл Ресурсис (66%) хамтран эзэмшдэг. Засгийн газрын хамтрагч нь Рио Тинтогийн Канад дахь салбар (51%) бөгөөд Торонто болон Нью Иоркийн хөрөнгийн биржид тус тус бүртгэлтэй. ОТ төсөл ил ба далд уурхайгаас бүрдэх бөгөөд зэсийн баяжмалын бүтээгдэхүүнийг боловсруулахаар Хятад руу автозамаар тээвэрлэн гаргадаг.

ОТ 2010 онд эхэлсэн цагаас уурхайг барих ажилд 11 тэрбум долларын хөрөнгө оруулалтын зардал гарсан байдаг. Рио Тинтогоос гаргасан хувь нийлүүлэгчийн өрийн хэрэгслээр санхүүжүүлсэн ил уурхайг барих ажил нэгдүгээр үе шат байсан бол хөндлөнгийн төслийн санхүүжилтээр санхүүжүүлж буй далд уурхайг барих ажил хоёрдугаар үе шат юм. Рио Тинто анхнаасаа МУЗГ-ын ОТ дахь хувь эзэмшлийн 34%-г “дааж” санхүүжүүлж ирсэн буюу төслийн эхэнд Засгийн газраас хувь эзэмшилтэйгээ холбоотой гаргах шаардлагатай санхүүжилтийг хариуцан төлж, түүнийгээ Засгийн газарт хуваарилагдах ногдол ашгаас эргүүлэн авах юм.

Үндэстэн дамнасан корпорациудыг судлах төв (СОМО)-ийн өнгөрөгч хоёрдугаар сард гаргасан тайланд 1) гадаадаас авсан зээлд төлсөн хүүд ногдох суутган татварыг “хууль бусаар бууруулах” замаар 232 сая доллараар, мөн 2) Монгол Улстай ДТГ-тэй бөгөөд түүгээр дамжуулан татварын хувь хэмжээг бууруулж тогтоосон Нидерланд болон Люксембург дэх нэгжээрээ дамжуулан Монгол дахь салбар компаниа зээлээр санхүүжүүлэх замаар Рио Тинто Монголд төлөх татварын үүргээ хөнгөвчилсөн гэж буруутгасан болно. Мөн тус тайланд Рио Канад улсад төлөх аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 559 сая доллараас зайлсхийсэн гэж буруутгасан бөгөөд энэ асуудлыг бид хөндөхгүй.

Холбогдох хэлэлцээрт үнэлгээ өгөх бол OpenOil гэх байгууллагын хийсэнтэй төстэй уурхайн ажиллах нийт хугацааны бүх орлогыг нарийвчлан тооцох загварчлалаас эхлэх шаардлагатай бөгөөд энэ нийтлэлийн цар хүрээнээс давсан зүйл юм. Гэхдээ энэ кейс судалгаа болон өнөөг хүртэл засгийн газрын хүлээн авсан орлоготой холбоотойгоор бодлогын зарим чухал сургамжийг авч болох юм.

Суутган татварын хувьд хилийн чанад руу хийсэн төлбөрт орлогын тодорхой хэмжээний татварыг ногдуулан суутгахыг татвар төлөгчөөс шаарддаг. Жишээ нь А улс дахь татвар төлөгч Б улсын зээлдүүлэгчээс 1000 доллар зээлсэн гэж төсөөлье. Зээлдүүлэгч өгсөн зээлдээ 10% хүү шаардах нь 100 доллар болно. А улсын суутган татвар 5% бол зээлдүүлэгчид 100 долларын хүүгийн төлбөрийг хийхдээ зээлдэгч 5 долларын татварыг суутган авч үлдэх шаардлагатай. Суутган татварыг гол төлөв үйлчилгээний төлбөр, хувь нийлүүлэгчдэд очих ногдол ашиг болон гадаадаас авсан зээлийн хүүгийн зардалд ногдуулдаг. Бид энэхүү сүүлчийн асуудалд төвлөрөх юм.

Суутган татвар гурван шалтгааны улмаас чухал ач холбогдолтой. Нэгд, ялангуяа уул уурхайн салбарт шаардлагатай хөрөнгө оруулалт, түүнийг дагалдсан санхүүжилтийн хэмжээг бодолцвол төр засгийн хувьд орлогын чухал эх үүсвэр байх боломжтой. Хоёрт, хураахад харьцангуй хялбар тул татварын байгууллагын хөгжил сул улс орнуудын хувьд нэн чухал болдог. Эцэст нь татварын суурийг багасгах болон ашиг шилжүүлэх (BEPS)-ээс хамгаалах хэрэгсэл болдог нь суутган татварын магадгүй хамгийн чухал ач холбогдол юм.

Суутган татвараар авч чадаагүй 232 сая долларын асуудлын үр дагаврыг дараах үндэслэлүүдээр авч үзэх юм. Үүнд:

а) Суутган татварын хөнгөлөлтийн ач холбогдол

МУЗГ болон Нидерландын хооронд байгуулсан давхар татварын гэрээ (ДТГ)-нд заасан доогуур хувиар суутган татвар төлөх боломжийг 2011-2015 оны хооронд Рио ашигласан байдаг. Татварын бусад хөнгөлөлтийн хамтаар тус хэлэлцээрт суутган татварыг зээлийн хүүнийн хувьд Монголын хуулинд заасан 20%-иас буулган 10% байхаар заасан байдаг. Үүний дүнд СОМО-гийн тооцсоноор өнөөг хүртэл 173 сая долларын татварын орлого алдагдсан (өөрөөр хэлбэл 20% ба 10%-ийн дунд үүсэх зөрүү) байна. Рио Тинтогийн татварын тайлангаас харахад хүүгийн түвшинг бууруулсан хэдий ч суутган татвар нь төслийн эхэн үеэс орлогын томоохон эх үүсвэр болж ирсэн ба тухайлбал 2016 онд МУЗГ-т төлсөн нийт татвар болох 149 сая долларын гуравны нэг гаруй хэсгийг бүрдүүлж байв. OpenOil-ын санхүүгийн загвараар суутган татварыг (Рио-д ногдох хэсгийн 20%-ийг 10% болгон) бууруулснаар төслийн үргэлжлэх хугацаанд хүүнд ногдох суутган татвараас олох татварын боломжит орлогоос МУЗГ 700 сая доллар авахгүй байхаар байна.

Суутган татварын бууруулсан хувь хэмжээ нь МУЗГ-ын авах орлогод чухал нөлөөтэй байгаа ч Нидерландтай байгуулсан ДТГ-ээр суутган татварын бага хувь хэмжээг ашиглан үр шим хүртэх зорилгоор гэрээний бүтцийг Рио Тинто тусгайлан боловсруулсан гэж үзэхээргүй байна. СОМО-ийн авч үзсэн хугацааны хувьд ОТ-н өрийн санхүүжилтийг 100% хувь нийлүүлэгчийн зээлээр санхүүжүүлсэн нь Нидерландтай байгуулсан ДТГ-ээр 10%-ийн суутган татвар төлөхөөр байна. Гэхдээ энэ нь Канад зэрэг хэд хэдэн улс оронтой байгуулсан татварын хэлэлцээрийн хувь хэмжээтэй адилхан (Хүснэгт 1-ийг үзнэ үү) байгаа тул тухайн үр өгөөжийг хүртэхийн тулд Рио “хэлэлцээрийг ашиглан наймаа хийх” шаардлагагүй байв. Цаашилбал, тус хувь хэмжээ нь давхар татварын гэрээний олон улсын туршлагатай (ЭЗХАХБ-ын Загвар хэлэлцээр, 11-р зүйл) нийцэж байгаагаас гадна Олон улсын валютын сан орлогын энэхүү болзошгүй эрсдэлийн талаар 2008 онд буюу МУЗГ Рио Тинто-той Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахын өмнөх жил анхааруулж байсан тул МУЗГ уг асуудлыг мэдэж байсан байх учиртай.

Гэхдээ Нидерландын ДТГ-ний нэг зүйл нь өвөрмөц шинжтэй бөгөөд “хэлэлцээрийг ашиглан наймаалцах” оролдлогын хардлагыг төрүүлж болох нь санхүүгийн байгууллагуудаас авах зээлд төлөх хүүгийн суутган татвар 0%-тай байх явдал юм. Санхүүгийн байгууллагууд болон бусад зээлдүүлэгчдийн төлөх суутган татварыг ийнхүү зааглаж өгсөн нь хоёр тусдаа татвар төлөгчийн хоорондын зээлд ногдох суутган татварын хувь хэмжээ илүү дүнтэй байхыг тойрч гарахын тулд тэдгээрийн хооронд гуравдагч тал (жишээ нь гадаадын банк) оролцож, “дараалсан зээл”-ийг үүсгэх эрсдэл бий болно. Бидний ойлгож байгаагаар Рио уг боломжийг ашиглаагүй. Олон улсын санхүүгийн байгууллага, экспортын зээлийн агентлаг, арилжааны банкны холимог оролцоотойгоор санхүүжүүлж буй, хоёрдугаар үе шатыг санхүүжүүлэх 4.4 тэрбум долларын төслийн санхүүжилтийн тохиролцоог ОТ-ийн Монгол дахь салбар компанитай шууд хийсэн тул Голландын давхар татварын гэрээ үүнд хамаарахгүй. Гэхдээ МУЗГ Нидерландаас үүсэлтэй банкны зээлийг ирээдүйд анхааралтай ажиглах шаардлагатай.

СОМО-гийн хөндсөн боловч нарийн тайлбарлаагүй нэг ноцтой асуудал бол Нидерландын гэрээний дагуу ногдол ашигт тооцох суутган татвар тэгтэй тэнцэж байгаа нь Монгол Улсын бусад гэрээ болон ЭЗХАХБ-ын загвар хэлэлцээрийн хувь хэмжээнээс доогуур дүн юм. Энэ нь ирээдүйн орлогод чухал нөлөөтэй байх хэдий ч үүнд үнэлгээ өгөхдөө гэрээг бүхэлд нь авч үзэх шаардлагатай.

Хүснэгт 1. Хүү болон ногдол ашгийн суутган татвар

  Ногдол ашигт ногдох суутган татвар Хүүнд ногдох суутган татвар
Дотоодын хувь хэмжээ 20% Банк болон санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хүүнд 10%, бусад тохиолдолд 20%
Канадын ДТГ 10%-иас дээш оролцоонд 5%, бусад тохиолдолд 15% 10%
Нидерландын ДТГ (цуцлагдсан, гэхдээ ОТ-н гэрээгээр тогтворжуулсан) 10%-иас дээш оролцоонд 0%, бусад тохиолдолд 15% Санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хүүнд 0%, бусад тохиолдолд 10%
ЭЗХАХБ-ын загвар хэлэлцээр 2017 25%-иас дээш оролцоонд 5%, бусад тохиолдолд 15% 10%

Эх сурвалж: Дотоодын хувь хэмжээ, Канадын ДТГ-ний хувь хэмжээ, Нидерландын ДТГ-ний хувь хэмжээ, ЭЗХАХБ-ын конвенцийн хувь хэмжээ.

Орлогод учруулах эрсдэлийг тооцон Нидерландтай байгуулсан хэлэлцээрийг МУЗГ 2014-нд цуцалсан. Гэвч Рио-гийн Хөрөнгө оруулалтын гэрээний татварын тогтворжуулалтын заалтуудаас хамааран харьцангуй доогуур хувь хэмжээ хүчинтэй үйлчилж байгаа. Татварын тогтворжуулалтын баталгаа гэдэг нь засгийн газрын зүгээс татварын тогтолцоог хэсэгчлэн эсхүл бүхэлд нь тогтвортой байлгах үүрэг амлалт авч байгаа хэрэг юм. Ингэснээр засгийн газрын зүгээс таатай нөхцөл санал болгоод, хөрөнгө оруулалт орж ирсний дараагаар үүнийгээ өөрчлөх явдлаас зайлсхийдэг. Тогтворжуулалтын хүчинтэй хугацаа болон цар хүрээг хязгаарлаж өгөх нь сайн туршлага хэдий ч уул уурхайн салбарын иймэрхүү том төслийн хувьд, ялангуяа хууль эрх зүй болон улс төрийн тодорхой бус орчинд татварын үндсэн нөхцөлүүдийг хөдөлгөөнгүй тогтоох нь нийтлэг бус зүйл биш юм. Хөрөнгө оруулалтын гэрээний тогтворжуулалтын тогтолцоонд Монгол Улсын давхар татварын гэрээнүүдийг хянамгай байдлаар хамруулсан байгаа.

б) Татварын удирдлага: татварууд бүгд тэгш байдаггүй

Хүүнд тооцох суутган татварыг цуглуулахад харьцангуй хялбар байдаг тул санхүүгийн болон боловсон хүчний их нөөцийг шаардахгүйн дээр татвар төлөгчтэй маргаан үүсэх нь ховор байдаг. Риогийн компанийн бүтэц нарийн төвөгтэй, мөн уурхайг санхүүжүүлэх зохицуулалт олон жил зөрчилдөөн дагуулсныг бодолцвол дээрх байдал онцгой ач холбогдолтой юм. 2015 онд МУЗГ Рио-д 130 сая долларын татварын акт гардуулсан бөгөөд түүнийг Монголын татварын албаны маргаан шийдвэрлэх зөвлөлөөр хэлэлцсэний дараа 31 сая доллар болгон бууруулсан байдаг. Энэ жил МУЗГ Риогийн эсрэг 155 сая долларын дүнтэй татварын акт тавьсан тул өргөн хүрээний аудит хийгдэхээр байна. Энэ хоёр жишээ зарим төрлийн татварыг хураахад хүндрэл үүсдэг болохыг харуулж байна.

Хүүнд суутган татвар ногдуулахад хялбар байдаг хэдий ч СОМО-гийн тайланд суутган татвартай холбоотой шинэ хөнгөлөлтийг тохирсон бөгөөд үүний дүнд МУЗГ-ын орлого дахин 59 сая доллараар буурч байгаа гэж мэдэгдсэн. Уг хөнгөлөлт нь хүүгийн суутган татварыг Рио бүр доогуур хувиар буюу 6.6%-р тооцож байгаатай холбоотой. Ийнхүү доогуур хувь хэмжээ хэрэглэх үндэслэл нь Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон хувь нийлүүлэгчийн гэрээ (ХНГ) (2011)-ний 18(с) заалт юм. Үүнд Эрдэнэс Оюу Толгой (МУЗГ-ын холбогдох хөрөнгө оруулалтыг удирдаж буй төрийн өмчит компани) нь өөрийн 34%-тай холбоотой бүх татварыг, түүний дотор хувь нийлүүлэгчдээс авсан зээлийн хүүг эргэн төлөхтэй холбоотой татварыг ч хариуцахыг заасан байна. Тиймээс Рио болон Эрдэнэс ОТ хувь нийлүүлэгчдийн өрийн хүүгийн нийт зардалд ногдох суутган татварыг 66% болон 34%-иар тус тус хариуцахаар байна. Улмаар бодит байдалд Рио ОТ-ийн хувь нийлүүлэгчийн өрийн хүүгийн нийт төлбөрийн суутган татварын 6.6%-ийг (буюу 10%-ийн 66%) төлж байна. ОТ Нидерланд компанийн 2015 оны (СОМО олж авсан хэдий ч олон нийтэд нээлттэй бус) тайланд уг нөхцөл байдлыг баталгаажуулсан МУЗГ-ын захидлыг ишлэсэн байна.

Урт хугацааны хувьд Эрдэнэс ОТ-д хамаарах өртэй холбоотой татварыг Рио Тинто төлөхгүй байх нь зохистой байж болох хэдий ч богино хугацааны хувьд компани суутган татварыг 10%-иар төлөөд, түүнийгээ МУЗГ-ын ногдол ашгаасаа эргүүлэн төлөх тооцонд оруулж болох байсан бөгөөд үүний дүнд өнөөдрийн хувьд төлөх татварын дүн илүү өндөр байх байв. Хүүнд ногдох суутган татвартай холбоотой хөнгөлөлтийг гэрээний бусад нөхцөлүүдтэй харьцуулан үнэлэх нь чухал бөгөөд энд бид нарийвчлан авч үзэхгүй ч бусад газраас үүнийг хийсэн байдаг. Жишээ нь Монгол Улсад уул уурхайн орцод ногдуулах Нэмүү өртгийн татвар (НӨАТ) нь бодитой татвар (буюу буцаан олгогддоггүй) юм. Улмаар НӨАТ нь МУЗГ-ын хувьд эрт үед орлого олох чухал бөгөөд өвөрмөц эх үүсвэр юм. Нөгөө талаас, Рио хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлтийг эдэлж байгаа тул хөрөнгө оруулалтын зардлын тодорхой хэсгийн төлөх орлогын татвараасаа хасах боломжтой юм. Суутган татварын хувь хэмжээг бууруулсныг эдгээр бусад нөхцөлүүдтэй харьцуулан авч үзэх (болон загварчлах) шаардлагатайгаас гадна гэрээг байгуулах цаг үеийн нөхцөл байдлыг мөн анхаарах хэрэгтэй. с) Ашгийг шилжүүлэхээс хамгаалах нь

Компаниуд уул уурхайн хөрөнгө оруулалтаа өр зээл, эсхүл хувьцаагаар санхүүжүүлэх боломжтой. Татварын зорилгоор өр зээлийг хувьцаанаас өөр байдлаар авч үздэг нь өр зээлийн хүүгийн төлбөрийг татвар ногдох орлогоос хасаж тооцох боломжтой байдаг тул компанийн төлөх нийт татварын дүнг бууруулдагтай холбоотой. Улмаар компаниуд ялангуяа татварын түвшин өндөр улс орон дахь салбаруудын хувьд өөрсдийн өр зээлийн хамаарлыг (буюу нийт санхүүжилтийн дүнд зээлийн эзлэх хувийг) нэмэгдүүлэхийг зорих нь бий. Суутган татвар ийм үйлдлээс сэргийлэх санхүүгийн саад буюу “хамгаалалтын сүүлчийн шугам”-ын үүргийг гүйцэтгэдэг.

Хүүнд ногдох суутган татварыг бууруулсан болон Монголын салбартаа (татвараас зайлсхийх суваг болж ирснээрээ зартай улсууд болох) Нидерланд болон Люксембург дэх нэгжээрээ дамжуулан зээл олгож ирсэн талаар СОМО-гийн ийнхүү хардах нь зөв зүйл. Компани хоорондын зээл нь үндэстэн дамнасан бүлэглэлүүдэд хүүгийн зардлыг хэтрүүлэн хасалт хийх байдлаар өндөр татвартай улс орноос бага татвартай руу ашгаа шилжүүлэх боломжийг үргэлж олгож байдаг (Шевроны Австрали дахь саяхны жишээг үзэж болно). Гэхдээ өөр нэг чухал асуудал бол Монголын салбарын төлж буй хувь хэмжээ нь бусад улс орныхоос ихээхэн ялгаатай эсэх юм.

Аз болоход СОМО-гийн тайлан Нидерланд дахь салбарын өмнө нь ил байгаагүй санхүүгийн мэдээллийг агуулсан тул бид баримжаа дүн шинжилгээ хийх боломж бүрдэж байна. Баримжаа тооцоогоор Риогийн Люксембург, Нидерланд, Монгол дахь салбарууд бүгд ойролцоогоор 5.5%-5.6% дээр ЛИБОР-ыг нэмсэн дүнтэй хүүг ашиглаж байна. Хэрэв салбаруудын хүүгийн хэмжээнд зөрүү их байвал ашиг шилжүүлж байгаа дохио болох бөгөөд бидэнд байгаа бага хэмжээний мэдээллээс харахад Рио хүүгийн зардлаар дамжуулан уурхайгаас ашгийг холдуулж байгаа байдал ажиглагдахгүй байна. Ямар ч тохиолдолд Монгол дахь салбарын төлж буй хүүгийн хэмжээ боломжийн эсэхийг мэдэхийн тулд МУЗГ хоёр жишиг үзүүлэлтийг ашиглаж болох нь 1) төслийн санхүүжилтийн хүү болох ЛИБОР+6% (гэхдээ энэ хүүнд олон улсын банкны синдикатын төлөх суутган татварыг тооцож “нийт дүнг” ашигласан байх магадлалтайг санах хэрэгтэй), 2) Олон улсын санхүүгийн корпорациас 2015 онд авсан санхүүжилт болон баталгаа юм.

Риогийн санхүүгийн бүтэц нийлмэл байх нь буруу зүйл биш байж болох ч СОМО-гийн тайланд дурдагдаагүй ашгийг шилжүүлэх өөр нэг эрсдэл байгаа. Энэ нь үйлдвэрлэл эхлэхээс өмнө уурхайн нийт хөрөнгө оруулалтын болон үйл ажиллагааны зардлын 3%, эхэлснээс хойш 6% байх менежментийн үйлчилгээний төлбөр (МҮТ) юм. МҮТ нь компанийн нэг салбараас захиргааны, мэргэжлийн болон зөвлөх үйлчилгээ үзүүлсний хариуд харилцан хамааралтай этгээдэд төлөх төлбөр юм. Бидний тохиолдолд уул уурхайн мэргэжлийн болон техникийн үйлчилгээ, ханган нийлүүлэлт болон ложистик, эрсдэлийг удирдах болон хууль дүрэм мөрдөх, арилжаа худалдаа болон хүний нөөцийн үйлчилгээ зэргийг үзүүлсний төлөө ОТ Нидерланд дахь салбараар дамжуулан Рио Тинтод төлбөр төлдөг. ЭЗХАХБ-ын Татварын суурийг багасгаж, ашгийг шилжүүлэх (BEPS) төслийн Үйл ажиллагааны 8-10-р зүйлд зөвлөсний дагуу буюу үзүүлсэн үйлчилгээний бодит өртөг дээр бага зэргийн нэмэлт тооцох байдлаар бус уурхайн хөрөнгө оруулалтын болон үйл ажиллагааны нийт зардлын тодорхой хувиар уг төлбөрийг тооцож байгаад гол асуудал бий.

“Өртөг дээр нэмэх нь” зарчмыг хэрэглэхгүй байх үндэслэл нь өртөг зардлыг Рио зөв зохистой ангилан хуваарилж, түүнийг нь Монголын татварын байгууллага шалгахад цаг хугацаа, хүчин чармайлт их орох явдал юм. Хэдий тийм байж болох ч зардлыг хуваарилах болон зардал дээр бага хэмжээний нэмэлтийг хэрхэн тооцохыг тохиролцох татварын ахисан шатны шийдвэрийг гаргаж өгөхийг Рио хүсэх нь илүү зохимжтой арга зам байх болов уу. Рио ийм төрлийн тохиролцоог заавал биелүүлэх шинжтэй Урьдчилан үнэ тогтоох гэрээгээр дамжуулан хийхэд бэлэн байгаагаа Австрали, Канад, Сингапур зэрэг улс оронд илэрхийлсэн байдаг.

Риогийн 2014 оны Техникийн тайланд үндэслэн OpenOil-ийн тооцсоноор МҮТ-ийн нийт дүн 2.9 тэрбум доллар болохоор байна. ОТ-г 5.3 тэрбум доллараар өргөтгөх төлөвлөгөө нь МҮТ-ийг цаашид ч улам бүр нэмэгдүүлэх тул Монгол дахь салбарын татвар ногдох орлого ихээхэн буурах бөгөөд МУЗГ-ын авах ногдол ашгийг улам бүр холдуулах болно. Рио болон МУЗГ МҮТ-ийг тооцох өөр хувилбарыг тохиролцож, үйлчилгээний өртгийг илүү сайн тусгаж, нийт зардалтай харьцуулсан байдлаар МҮТ-т хязгаар тогтоож өгөх нь хамгийн оновчтой байх болно.

Дүгнэлт

ОТ төсөлтэй холбоотой компанийн тайлангуудаас СОМО чухал шинэ мэдээллийг гарган тавьжээ. Суутган татварын хамаарах хувь хэмжээ тодорхой биш байгаа нь анхаарах асуудал мөн тул МУЗГ болон ОТ хувь нийлүүлэгчийн зээл, төслийн санхүүжилтийн зээл, ирээдүйд төлөгдөх ногдол ашиг зэрэгт хамрах суутган татварын хувь хэмжээг тайлбарласан хамтарсан мэдэгдэл гаргавал үр ашигтай байх болно. Харин давхар татварын гэрээнүүдийг урвуулан ашиглаж, хүүгийн зардлаар хэтрүүлэн хасалт хийсэн гэх тодорхой нотолгоо байхгүй байгаа тул Рио хувь нийлүүлэгчийн зээлд ногдох суутган татвараас зайлсхийсэн гэж дүгнэх нь хэтрүүлэг болно. Гэхдээ Нидерландын гэрээний дагуу цаашид банкны зээлийн хүү болон ногдол ашгийн хувьд суутган татвар 0% байхаар байгаа нь бусад ДТГ-нүүдээс илүү таатай нөхцөл олгохоор байгаа нь асуудал болж болох юм.

Төслийн эхэн үеэс харьцангуй хялбар байдлаар хурааж болох суутган татварын орлоготой холбоотой тодорхой өртөг зардлыг ийнхүү ил болгосноор (тогтворжуулсан) татварын хэлэлцээрүүдийг дагалдах аюул эрсдэлийн талаар чухал сургамж өгч байна. Гэхдээ татварын аливаа хөнгөлөлт, маргааныг тухайн гэрээ хэлэлцээрийг бүхэлд нь авч үзэж байж дүгнэх ба уурхайгаас гарах үр өгөөжийг өртөг зардалтай хамтад нь судлах нь онцгой чухал юм.