Монгол Улсын зэсийн салбарын тэлэлт: Боломж ба сорилтууд
Гол мэдээлэл:
- Зэс нь технологийн дэвшил, эдийн засгийн хөгжлийн тулгуур түүхий эд байж ирсэн бөгөөд дэлхийн эрчим хүчний шилжилтийн нөхцөлд түүний ач холбогдол нэмэгдсээр байна. Зэсийн онцгой шинж чанарууд нь түүнийг сэргээгдэх эрчим хүчний технологиуд, цахилгаан машин болон орчин үеийн эрчим хүчний сүлжээний хувьд орлуулшгүй чухал болгодог.
- Нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулах шаардлага нэмэгдэхийн хэрээр зэсийн асар их нөөцтэй Монгол Улсын хувьд дэлхийн зэсийн нэмүү өртгийн сүлжээнд чухал тоглогчийн байр суурийг эзлэх том боломжтой.
- Одоогоор Монголын зэсийн үйлдвэрлэл нь үндсэндээ Эрдэнэт үйлдвэр болон Оюу Толгой гэсэн хоёр томоохон төсөлд тулгуурлаж байна. Аль аль нь зэсийн баяжмал үйлдвэрлэж, Хятадад экспортолдог. Хайгуулын ажилд зохих хөрөнгө оруулалт хийхгүй бол нэмж хэрэгжих боломжтой төслийн тоо одоогоор хязгаарлагдмал байна. Үүнтэй зэрэгцээд, Монголын зэсийн бараг бүх бүтээгдэхүүн гүн боловсруулаагүй буюу зэсийн баяжмал хэлбэрээр экспортод гардаг бөгөөд катодын зэс зэрэг нэмүү өртөг шингээсэн дотоодын үйлдвэрлэл бага хэмжээтэй байна.
- Зэсийн хайгуул, олборлолт, боловсруулалтын төслүүдийг шинээр хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг чухал. Үүнд өмчлөл, татварын тогтолцоо, байгаль орчны стандарт, ил тод байдал, эдийн засгийн үр өгөөж, геополитикийн үр нөлөө зэрэгтэй холбоотой бодлогын асуудлууд чухлаар тавигдаж байна. Түүнчлэн салбарын эдийн засгийн бусад салбартай уялдах байдалд анхаарч, дэд бүтцийн хөгжлийг хангах шаардлага үүсэж байна.
- Цаашид салбарын хөгжлийн бодлогыг олон талын оролцоотой, нээлттэй хэлэлцэж, төслүүдийг олон нийтийн хяналттайгаар хэрэгжүүлэх нь зүйтэй. Үүнд ялангуяа төрийн өмчийн оролцоо, төсвийн санхүүжилт шаардсан төслүүдэд онцгой анхаарвал зохино. Зэсийн салбарын тэлэлт нь эдийн засгийн үр ашиг хүртэх болон байгаль орчныг хамгаалах зорилтуудыг тэнцвэржүүлэхэд онцгой анхаарах ёстой.
Authors
Dorjdari Namkhaijantsan
Mongolia Manager
Zoljargal Naranbaatar
Mongolia Officer